СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МӨШГӨЛТИЙН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүнсний аюулгүй байдалдаа анхаарч эргэн мөшгөх цахим системийг нэвтрүүлэн ашиглаж байна. Засгийн газрын 36-р тогтоолд заасны дагуу Судалгаа хөгжлийн төв нь газар тариалан, сүү, зөгийн бал, арьс ширний салбарт энэхүү олон улсын дэвшилтэт технологи болох мөшгөх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт, хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд мөшгөлтийн цахим систем зайлшгүй шаардлагатай.
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Витафит милк ХХК, Дижитал медик ХХК-тай хамтран малчнаас сүүний үйлдвэр хүртэлх нэмүү өртгийн сүлжээнд сүүний чанар аюулгүй байдлыг хянах сүү бэлтгэлийн цахим систем хөгжүүлсэн.
Энэхүү сүү бэлтгэлийн системийг үргэлжлүүлэн сүүний үйлдвэрийн цахим бүртгэл мэдээллийн системийг хөгжүүлж, үйлдвэрүүдэд нэвтрүүлснээр сүүний салбарт мөшгөх систем бүрэн хэрэгжиж, малчнаас хэрэглэгчийн гарт хүртэл бүхий л шат дамжлагад хяналт, бүртгэл бүрэн цахимжиж, эргэн мөшгөх боломж бүрдэж байна. Цахим системийн хөгжүүлэлтийг Ухаалаг шийдэл ХХК гүйцэтгэж, АПУ Дэйри ХХК, Витафит Милк ХХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд амжилттай туршиж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Уг системийг ашиглах, хэрэгжүүлэх, сүүний үйлдвэрүүдэд нэвтрүүлэх эрхийг Монголын Хүнсчдийн холбоонд шилжүүлэн өглөө.
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цахим мөшгөх системийг бүхий л сүүний үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүний нэр төрөл, онцлогт тохируулан ашиглах боломжтой бөгөөд дараах олон талын ач холбогдолтой.
- Сүү бэлтгэлийн системтэй холбогдож, сүүний гарал үүслийн мэдээллийг авах,
- Сүүний үйлдвэрт хүлээн авч буй сүүний гарал үүсэл, чанар, эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхой бүртгэх.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны горим, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлт, лабораторийн хяналтыг бүртгэх.
- Туслах түүхий эд, сав баглаа боодол, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байр, агуулах, түгээлт, худалдааны цэг гэх мэт хяналтын бүртгэл хийх.
- Аливаа асуудал гарсан үед үйлдвэрлэл, түгээлт, худалдааны шат дамжлагыг эргэн мөшгөж асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломж бий болгох.
- Хэрэглэгчдэд гарал үүслийн мэдээлэл хүргэх мэдээллийн бааз бүрдэх
- Сүү, сүүн бүтээгдэхүүн экспортолсон тохиолдолд олон улсын зах зээлийн шаардлагад нийцэх
- Төлбөр тооцооны системтэй холбогдох боломжтой цахим системийг, мөн хэрэглэгчид бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах бар кодыг мэдээллийн сантай холбон үүсгэх давуу талтай
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цахим системийн хөгжүүлэлтэд хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан АПУ Дэйри ХХК, Витафит Милк ХХК-ийн үйлдвэрийн баг хамт олонд гүн талархал илэрхийлье.