Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, тогтоол, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын экстейншний асуудал хариуцсан удирдах албан тушаалтнуудыг мэдээллээр хангах, чадавхжуулахад чиглэсэн сургалтыг 04 дүгээр сарын 18-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд зохион байгууллаа.
Сургалтыг Судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Батхүү нээж, төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын асуудал хариуцсан шинжээч Э.Сугарбаяр “Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлого”, Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Долгорсүрэн “Орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, хангалтын судалгааны үр дүн” сэвдээр тус тус илтгэл тавьж танилцуулав.
Мөн судалгаа хөгжлийн төвийн судалгааны үр дүн, төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнгээр дараах сэдвээр сургалт хийсэн.
Үүнд:
• “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээ (экстейншин)-ний онол, олон улсын туршлага” сургалтыг төвийн Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын хэлтсийн дарга М.Мөнхбат;
• “Хүлэмжийн аж ахуйн эдийн засгийн үр ашгийг тооцох”, “Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн систем, урамшуулал” сэдвээр төвийн ахлах мэргэжилтэн С.Нандинцэцэг;
• “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мөшгөлтийн цахим систем”-ийн сэдвээр эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхтүвшин;
• “Зөгийн балны мөшгөх систем” сэдвээр ахлах мэргэжилтэн Б.Урангоо;
• “Арьс, ширний мөшгөх систем нэвтрүүлэх замаар чанар сайжруулах, тогтолцоог бий болгох” сэдвээр Инноваци нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга Н.Пүрэвжав, “Дижитал медик” ХХК-ийн хөгжүүлэгч В.Санчир нар тус тус сургалт мэдээлэл хийв.
Танхимийн сургалтын дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд шинээр ашиглалтад орсон жилд 20.0 мянган ширхэг төмсний булцуу үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Вирусгүй төмсний бичил булцууны үр үржүүлгийн төв”, Арьс ширний төв лабораторийн үйл ажиллагаа, тус төвд бойжигч 4 компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй орон нутгийн оролцогчид орж танилцав.
Сургалтаас экстейншин-нэвтрүүлэх үйлчилгээний талаарх мэдлэгтэй болж цаашид орон нутагтаа салбарын чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, зааж сургах, түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах мөн Судалгаа хөгжлийн төвтэй хамтын ажиллагаагаа өргөтгөн ажиллах юм.